5-Р САРД 11 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРУУЛНА

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалт 33 хувьтай байгаа аж.
Төлөвлөгөө ёсоор энэхүү вакциныг 78,000 хүүхдэд хийх бөгөөд одоогоор зөвхөн 20,000 хүүхэд вакцинд хамрагджээ. Иймээс ирэх тавдугаар сард хүүхдүүдийг дахин вакцинд хамруулах аян эхлэх юм байна.
Анх хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10 дугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан юм.