0-18 НАСНЫ ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ШҮДИЙГ ЗӨВХӨН УЛСЫН ЭМНЭЛГҮҮД ҮНЭГҮЙ ЭМЧИЛНЭ
18-аас дээш насны хүмүүс улсын эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчлүүлсэн тохиолдолд төлбөрөө даатгалаар бус өөрөө төлдөг болж буй. Учир нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 14 дүгээр тогтоолд сарын өмнө нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Ингэхдээ,
- "0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө"
- "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй" гэх заалтуудыг нэмэлтээр тусгажээ.
Ингэснээр өмнө нь хэн ч байсан гурав хүртэлх шүдийг даатгалаар эмчлүүлж болдог зохицуулалт цаашид үйлчлэхгүй болж байгаа юм. Харин шинэчилж тусгагдсан хоёр заалтын хүрээнд аль эмнэлгүүд энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй, даатгалаар үзүүлэх вэ гэдэг иргэдийн дунд тодорхой биш байв.
Тиймээс ЭМДЕГ-аас тодруулахад, “Улсын бүх эмнэлгүүд даатгалаар үйлчилнэ. Харин хувийн эмнэлгүүд боломжгүй. Учир нь даатгалтай гэрээ хийсэн хувийн шүдний эмнэлэг одоогоор байхгүй. Тиймээс боломжгүй” гэлээ.