БНХАУ-ААС ШҮЛХИЙН ВАКЦИН ЯАРАЛТАЙ НИЙЛҮҮЛНЭ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна. Бямба гарагт хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын үеэр талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ Монгол Улстай харилцахдаа “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлогыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Хятадын тал энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч буйтай холбогдуулан вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйг мэдээлэв.
Хэвлэл, мэдээллийнхэнд хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Олон улсын байгууллагуудын мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засгийн 1 нэгжийн өсөлт бүр нь Монгол Улсын экспортыг 4%-иар, эдийн засгийг 0.6%-иар өсгөдөг. Энэ нь хоёр улсын өндөр түвшинд харилцан нөхдөг эдийн засгийн нягт харилцаа холбоог бүрэн харуулж байгаа юм. Хоёр улс хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр зам баригдаж байгаа бөгөөд хоёр орны дэд бүтцээр холбогдох бас нэгэн томоохон артери болох төлөвтэй байна. БНХАУ бол Монгол Улсын итгэлт найдвартай түнш бөгөөд Монгол Улс хамгийн их хэрэгтэй үед үргэлж тусламжийн гараа сунгахад бэлэн байна. Монгол Улсад саяхан гарсан шүлхий өвчний эсрэг тэмцэлд туслахын тулд БНХАУ Монгол Улсад 1 сая тун вакцин яаралтай нийлүүлэхээр шийджээ" гэв.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа. Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
