ӨБХ: ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСНИЙГ СОНСОЖ, ХЭЛЭЛЦЛЭЭ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.11.12) хуралдаж, тус Байнгын хорооноос Засгийн газар, яам, агентлагт шийдвэрлүүлэхээр илгээсэн иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг сонсон хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11 цаг 05 минутад 52.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдан явуулав.
Улсын Их Хурлын дарга, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд 2025 оны есдүгээр сарын 10-наас 2026 оны 10 дугаар сарын 13-ны хугацаанд ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн нийт 73 өргөдөл, гомдлыг Засгийн газрын 18 байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэний хариуг хэрхсэн талаар Засгийн газраас илтгэв.
Орон сууцны захиалга, залилан, хохирол барагдуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү ялгаа, итгэлцүүр тооцооллыг жигдлэх, төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, хуулийн зохицуулалт, санхүүгийн дэмжлэг, хэрэг зөрчилтэй холбоотой тэдгээр өргөдөл, гомдлын 24.7 хувийг шийдвэрлэсэн, 65.8 хувь нь шийдвэрлэх шатанд байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг орон сууцтай холбоотой асуудал эзэлж байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий тус ажлын хэсэг одоогоор 870 гаруй өргөдөл, гомдлыг хүлээн авч, шалгаж байна. Мөн “Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны 406 дугаар тогтоолыг баталж, иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцанд давхар захиалга авахгүй байх, барилгын мэдээлэл, захиалгын гэрээг ил тод, нээлттэй байршуулж, цахимжуулах зэргийг шийдсэн гэв. Барьж гүйцээгүй барилгын өмчлөлийн эрх зүйг боловсронгуй болгох шаардлагатайг илтгэлд дурдлаа.
Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаарх Өргөдлийн байнгын хорооноос шилжүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр бодох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,404,000 төгрөг байсныг 2,400,000 төгрөг болгон тооцож, 328.5 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгуулсан. Засгийн газар "Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоох тухай" 2026 оны 416 дугаар тогтоолыг баталж, суурь тэтгэврийг нэмсэн хэмээн илтгэв.
Шинэ-Улаангом худалдааны зах шатсаны улмаас хохирсон 300 гаруй түрээслэгчийн асуудлыг Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Хөрөнгө гаргах тухай" 30 дугаар тогтоолоор таван тэрбум зургаан зуун жаран сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Хохирсон иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тус сангаас 20 сая хүртэлх төгрөгийг 48 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгосон, улсын төсөвт буцаан төвлөрүүлэх болно гэж Б.Энхбаяр сайд танилцууллаа. Одоогоор нийт 259 иргэнд 5,017,577,123 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хоёр үе шаттай бүрэн олгосон гэсэн юм.
Түүнчлэн Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгохтой холбоотой асуудлыг Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр хуралдаанд танилцуулж, тус уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан нэр бүхий 112 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох, ижил нөхцөл байдал бүхий бусад уурхайн асуудлыг нэгтгэн судалж, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийн талаарх саналаа шуурхай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн илтгэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай боловсруулж, батлуулахаар төлөвлөж буйг танилцуулав. Иргэдийн өргөдөл, гомдлыг нэгдсэн мэдээллийн санд оруулж, тогтмол дүн шинжилгээ хийж, улирал тутам хэлэлцэн шийдвэрлэлтийг шуурхайлна хэмээв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ж.Золжаргал, С.Замира, О.Саранчулуун нар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Засгийн газрын төлөөллөөс асууж, орон байрны залилангийн хохирогч болсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх, дахин хохирохгүй байх нөхцлийг бүрдүүлэх чухал гэдгийг хөндөв. Хууль зөрчсөн этгээд хариуцлагаас мултраад үлддэг байдлыг таслан зогсоож, өн удаан жил даамжирсан асуудлыг шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулахгүй бол нэг удаагийн шийдвэр гарах төдийхнөөр шударга ёс хэрэгжих боломжгүй, нэг хэсэг нь хохироод, нөгөө нь хождог байж болохгүйг хатуу санууллаа.
Гишүүдийн асуултад Мөрдөн шалгах албаны төлөөлөл хариулахдаа, орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн гомдлын дагуу хавтаст хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн, энэ онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн бол тусгай сан байгуулах замаар иргэдийн хохирлыг барагдуулах боломжтойг Б.Энхбаяр сайд тайлбарлалаа. Ер нь уг асуудлаар Засгийн газрын нэгдсэн байр суурьт хараахан хүрээгүй ч холбогдох яам шаардлагатай судалгааг хийж бэлэн болгосон. Орон сууцтай холбоотой иргэдийг хохироосон асуудлаар шүүхийн шийдвэрийг давж Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй учраас Улсын Их Хурлаас болж өгвөл барилгын компани тус бүрээр нь шийдэл гаргаж өгвөл ихээхэн нэмэртэй байна хэмээн тэрбээр хариулав.
Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хариуг сонсож, хэлэлцүүлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Д.Рэгдэл, Г.Лувсанжамц, О.Номичимэг, С.Замира, Ж.Галбадрах, О.Саранчулуун, Ж.Золжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал нар оролцов
