"ЖОЛООЧ ОНОШИЛГООНД СТАНДАРТ ГЭРЭЛТЭЙ ОРСОН Ч ДАРАА НЬ СТАНДАРТ БУСААР СОЛИВОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО"
Тээврийн цагдаагийн алба болон Автотээврийн үндэсний төв хамтран стандарт бус гэрэл, гэрэлтүүлэгтэй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтын хүрээнд 28 мянган тээврийн хэрэгслийн гэрлийг тусгай төхөөрөмжөөр шалгаснаас 5,046 тээврийн хэрэгсэл стандарт бус гэрэл, гэрэлтүүлэгтэй болох нь тогтоогдсон байна. Үүний дагуу нийт 100 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, эсэргүүцсэн 418 жолоочийн тээврийн хэрэгслийн ашиглалтын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
Стандарт бус гэрэл, гэрэлтүүлэг ашигласан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 41 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Тус заалтад
"Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журмыг зөрчсөн бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.
ТЦА-ны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Чинбаатар "Тээврийн хэрэгслүүд үзлэг, оношилгоонд стандартын шаардлага хангасан гэрэлтэй ордог ч дараа нь гэрлээ сольж, стандарт бус гэрэл суурилуулах тохиолдол түгээмэл байна. Жолооч нар үзэгдэх орчин хангалтгүй, харахгүй байна гэх шалтгаанаар хэт тод гэрэл ашиглах нь бусад жолоочийг гялбаанд оруулж, улмаар зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг" гэв.
Албаныхны мэдээлснээр, зам тээврийн ослын 30 хувь нь шөнийн цагаар гардаг байна. Мөн өнгөрсөн онд зам дээр эвдэрч, саатсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн ослын улмаас 16 хүн амь насаа алджээ.
Иймээс жолооч нарыг стандартын шаардлага хангасан гэрэл, гэрэлтүүлэг ашиглаж, холын болон ойрын гэрлээ шилжүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

