ВАЛЕНТИНААР ЯАГААД САРНАЙ БЭЛЭГЛЭДЭГ ВЭ

GNNGNN
Feb 14, 2025  
 0
ВАЛЕНТИНААР ЯАГААД САРНАЙ БЭЛЭГЛЭДЭГ ВЭ

Жил бүрийн 2-р сарын 14-нд сая сая хүн хайртай хүндээ сарнай бэлэглэдэг. Нэгэн тоо баримтаар бол 2018 оны байдлаар Гэгээн Валентины өдрөөр 250 сая гаруй худалдаалдаг гэсэн тооцоо бий. Америкийн цэцэг ургуулагчдын нийгэмлэг мэдээлснээр бол сарнай Валентины баярын бэлгэ тэмдэг болсон нь түүхтэй. Энэ уламжлалын үүсэл нь хэд хэдэн домгоос улбаатай. Валентины өдөртэй хайрын бурхан Купидоныг холбодогтой адил эртний Грекийн домгоос эхтэй юм.

Аман зохиол судлаач, Картерхаугийн ардын аман зохиолын сургуулийг хамтран үндэслэгч Сара Клето “Нэгэн домогт, Грекийн хайр, гоо үзэсгэлэнгийн бурхан Афродита цагаан сарнайн өргөсөнд хатгуулснаар уг цэцэг улаан болж хувирсан гэдэг. Харин өөр нэг домогт, Афродитагийн хайртай хүн Адонис алагдахад, Афродитагийн нулимс унасан тэр газар анхны улаан сарнай ургасан гэж өгүүлдэг” гэсэн байна. Афродита нь хайр, гоо үзэсгэлэнгийн бурхан тул эдгээр домгуудын улмаас сарнай Валентины нэг хэсэг болсон байж магадгүй.

Зарим түүхчид Валентины өдөр сарнай бэлэглэдэг уламжлалтай холбоотой анхны хүнийг 1700-аад оны үед Туркт амьдарч байсан Их Британийн элчин сайдын эхнэр Леди Мэри Уортли Монтагу гэж үздэг. Клето тайлбарлахдаа “Хатагтай Монтагу нутаг руугаа захидал бичихдээ Туркийн ‘цэцгийн хэл’ хэмээх уламжлалыг гайхан биширч байсан юм. Тэр нь цэцэгт тусгай утга оноох соёл. Гэхдээ Монтагу энэ уламжлалыг андуу ойлгосон байжээ. Үнэн хэрэгтээ Туркийн уг ёс заншил нь цэцгийн утгаас илүүтэйгээр шүлгийн үг холбох зарчимтай байсан. Тэгсэн ч энэ санаа 19-р зуунд Англид ихэд дэлгэрч, улмаар сарнай романтик хайрын бэлгэдэл болох суурийг тавьсан” гэжээ.

Гэхдээ Валентины өдрөөр сарнай бэлэглэх заншил өнөө хэр үргэлжилж буй хамгийн том шалтгаан бол “Сарнай нь үнэхээр үзэсгэлэнтэй, анхилуун сайхан үнэртэй, хамгийн гол нь хол зам тээвэрлэхэд тэсвэртэй цэцэг. Цэцгийг холоос зөөдөг учраас Валентинаар сарнай чанараа алддаггүй нь энэ уламжлалыг хадгалсаар ирсэн” гэж Клето хэлсэн байна.