УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД "АВЛИГА ХОРООЛОЛ" СҮНДЭРЛЭСЭН БОЛОХЫГ УДШ ТОГТООЛООО
Одоогоос арван жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ олонд хүрч байлаа. Гэвч энэ сүржин нэртэй "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" баригдаж эхэлсэн. Газрын маргаантай асуудал нь үргэлжилж явсаар эцэстээ "Авлига хороолол" хэмээн олон нэрийдсэн юм. Өдгөө хэдийнээ сүндэрлээд боссон тус хорооллын газрын асуудлын шүүх хурал өчигдөр буюу 2026.11.11-нд Улсын дээд шүүхэд боллоо.
Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг
- 29444 м.кв газрыг үйлчилгээ,
- 79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,
- 2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “… Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэв.
Өмнө нь анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “… нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
