УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН УРИЛГААР ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН УРИЛГААР ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

GNNGNN
Apr 28, 2025  
 0
УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН УРИЛГААР ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой 2025 оны дөрөвдүгээр сарын 26-нд Будапешт хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах, цаашид олон салбарт үр өгөөжтэй хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Талууд ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд байгуулсан “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлж, хоёр улсын нийслэл хотуудын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх нь иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг онцоллоо.

Б.Батцэцэг сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Цэнхэр алт” зэрэг үндэсний томоохон хөдөлгөөнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Унгартай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн, дэлхийн хэмжээнд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Ялангуяа 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болон 2025 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хамтран хангахаар тохиролцсон байна.

Боловсролын салбарт Унгарын Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол оюутнуудыг илүү олон тоогоор суралцуулах, боловсролын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг онцолж, энэ чиглэлээр хоёр тал цаашид илүү эрчимтэй ажиллахаар тохирлоо.

Соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж буйд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Археологийн хамтарсан судалгаа хийх, соёлын өвийг хамгаалах, сурталчлах зэрэг ажил нь хоёр ард түмнийг улам ойртуулах онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэлээ.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудлаар байр сууриа харилцан солилцож, олон улсын харилцааны чухал сэдвүүдээр нэгдмэл байр суурь баримтлахыг чухалчилсан байна.

Эцэст нь, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хамтран хэвлэлд мэдээлэл өгсөн байна.