УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ГЕНЕРАЛУУДТАЙ УУЛЗАЖ ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ГЕНЕРАЛУУДТАЙ УУЛЗАЖ ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генерал цолтнуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ өдөр нь Монгол Улсад анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд 11 хүнд генерал цол олгосон түүхт үйл явдлыг дурсан тэмдэглэдэг бөгөөд энэ жил генерал цол бий болсны 81 жилийн ой тохиож байна.
УИХ-ын дарга генералуудыг төр, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, амьд түүх хэмээн онцолж, эх орныхоо төлөө зүтгэсэн тэдний зориг, туршлага, манлайллыг өндөрөөр үнэлсэн үг хэллээ. Мөн төрийн тусгай албанд өнөөдөр 33 генерал үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад нийт 230 хүнд генерал цол хүртээсэн бөгөөд үүнээс 129 нь бэлтгэл, чөлөөнд болон идэвхтэй албанд ажиллаж байна. Төр, ард түмэн генералуудынхаа гавьяа зүтгэлийг үеийн үед дээдлэн хүндэтгэх ёстойг тэрбээр тэмдэглэлээ