ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа.
БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа. Мөн аврах ажиллагаанд ашиглагдаж буй орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэрэглээ, ажиллагааны онцлогийн талаар туршлага солилцлоо.
Гал түймэр унтраах зориулалтын автомашин, өндөр даралтын усан хангамжийн систем, эрэн хайх, аврах ажиллагааны техник хэрэгсэл, нуранги дор болон хязгаарлагдмал орчинд ажиллах тоног төхөөрөмж, дулаан мэдрэгч болон хайлтын камер, аврах ажиллагааны гидравлик багаж, зөөврийн гэрэлтүүлгийн систем, холбоо мэдээллийн тоног төхөөрөмж зэрэг гамшгийн үеийн шуурхай ажиллагаанд ашиглагддаг техник хэрэгслүүдтэй танилцлаа. Түүнчлэн гүн худаг, цооног болон хязгаарлагдмал орчинд осолдсон иргэдийг аврах ажиллагаанд ашигладаг тусгай тактик, аюулгүй ажиллагааны горим, олсон систем, өргөх төхөөрөмж, амьсгалын хамгаалах хэрэгсэл болон аврах ажиллагааны үе шат бүрийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа.
Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар нэвтрүүлэх, хангах боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Турк Улсад мэргэжлийн болон тактикийн сургалт, дадлага сургуулилтад хамруулах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа онцолж байна.
Талууд цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
БНТУ-ын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах, гамшгийн дараах сэргээн босголтыг зохицуулах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, түр орон байр, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт хийх, иргэдэд гамшгийн бэлэн байдлын сургалт явуулах, олон улсын хүмүүнлэгийн болон аврах ажиллагаанд оролцох зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
Шадар сайд Н.Номтойбаяр Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын сургалт, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийн талаарх олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа, алба хаагчдыг тасралтгүй чадавхжуулах тогтолцоо, дадлага сургуулилтын цогц талбайн үйл ажиллагаатай танилцав.
Мөн гамшгийн үеийн хамгаалах хувцас хэрэглэл, тусгай зориулалтын материал, аврах ажиллагаанд ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн стандарт, ашиглалтын шаардлага, алба хаагчдын аюулгүй ажиллагааг хангах аргачлалын талаар мэдээлэл солилцлоо.
