НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ АВТО ЗАМУУДЫГ ХЭСЭГЧЛЭН БОЛОН БҮРЭН ХААНА

GNNGNN
Aug 3, 2026  
 0
НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ АВТО ЗАМУУДЫГ ХЭСЭГЧЛЭН БОЛОН БҮРЭН ХААНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 онд хэрэгжүүлж буй авто замын шинэчлэлт, засвар болон барилгын ажлын хүрээнд хэд хэдэн байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон бүрэн хааж, сэргээн засварлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 27, 31-р хороо, Баруун Алтан-Өлгийн гудамж буюу Монелын авто замын засвар, шинэчлэлтийг "Нано Экологи" ХХК гүйцэтгэж байна. Энэ хүрээнд долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 24-нийг дуустал Монелын 25-р гудамжнаас Дарь-Эх Монелийн уулзвар хүртэлх замуудыг дөрвөн үе шаттайгаар хэсэгчлэн хааж ажиллах юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18, 29-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө болон Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзварт хийгдэж буй Улаанбаатар хотод төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барих төслийн хүрээнд "Чайна Тисижу Сивил Инженеринг Групп" ХХК замын урд болон хойд хэсгийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 20-ныг дуустал хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын болон Баянхошуу, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замуудыг иж бүрэн шинэчлэн засварлах ажлыг "Макс рөүд" ХХК болон "Арж капитал" ХХК-ийн түншлэл хариуцан ажиллаж байна. Үндсэндээ, Өнөр хорооллын Цамбагарав болон Хархорин хойд уулзваруудыг наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шөнийн цагаар бүрэн хааж хучилт хийхээс гадна асфальтбетон хучилт, хашлага, явган хүний замын ажлуудыг найм болон есдүгээр саруудад үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Баянхошууны гудамжны тухайд таван бос хоолойн замын хөдөлгөөнийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 11-нийг дуустал бүрэн хаасан бөгөөд замын бусад хэсгүүдийн хучилтын ажлыг наймдугаар сарыг дуустал шөнийн цагаар болон хэсэгчлэн хаах замаар хийхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн орон сууцны хороолол доторх авто замын засвар, шинэчлэлтийн ажлуудыг найм болон есдүгээр саруудад шаталсан хуваарийн дагуу хийж гүйцэтгэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхнийг дээрх байршлуудаар зорчихдоо замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч, боломжит бусад туслах замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.