“НАЙМАН ШАРГА“ ТӨВД АМ.ДОЛЛАР 3600 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3562 төгрөгтэй тэнцэж байна. Нэрлэсэн дүн сүүлийн гурван хоног тогтвортой байгаа ч арилжааны банкууд болон "Найман шарга" төвд ам.долларын авах, зарах үнэ хэт зөрүүтэй байгаа юм. Арилжааны банкууд нэг ам.долларыг 3540-3557 төгрөгөөр авч харин зарахдаа 3555-3584 төгрөгөөр тооцож байна. Тэгвэл Валют арилжааны "найман шарга" төвд нэг ам.долларыг 3590 төгрөгөөр авч 3690 төгрөгөөр зарж байна.
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарах эсвэл сулрах нь эрэлт нийлүүлэлтээ дагаад гадаад валютын нөөцөөс хамааралтай. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлсэн. Чамлахааргүй нөөц байгаа ч төгрөгийн ханш сүүлийн гурван жилд байгаагүйгээр унасан нь анхаарал татаж буй. Үүнийг Монголбанкны зүгээс "Найман шарга" худалдааны төв зохиомлоор валютын ханш өсгөсөн, нөгөө талд АНУ, Хятадын худалдааны дайны нөлөөлөл ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн гэх тайлбар өгч байсан билээ.