МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ВИЗНИЙ ГУЙЛГАЧИН БАЙХАА БОЛИХ ВЭ?
Монгол хүн харийн элчин сайдын яамны үүдэнд хэдий болтол визний гуйлгачин мэт доромжлуулан зогсох ёстой юм бэ. Өөрийнхөө нутаг дээр, өөрийнхөө улсын нийслэлд байж харийн консулуудын гар харан, амьдрал хувь заяагаа шийдүүлж, сэтгэл санаагаараа тохуурхуулсаар байх уу. Саяхан БНСУ-ын Элчин сайдын яамны хүнд суртал, цэвдэг сэтгэлээс болж дахин нэг Монгол гэр бүлд нөхөж баршгүй, зүрх зүсэм эмгэнэлт явдал тохиолдлоо.
Солонгос улсад хууль ёсны дагуу, цаг наргүй хөдөлмөрлөж, сар бүр татвар, даатгалаа зуун хувь төлж байсан аав нь тэнд хүнд өвчний улмаас насан эцэслэлээ. Тэр хүн үхэхийнхээ өмнө ганц хүүгийнхээ нүүрийг харж, эцсийн үгээ хэлэхийг чин сэтгэлээсээ хүссэн байна. Ар гэр нь өнгөрсөн Цагаан сараас хойш биеийн байдал нь өдөр хоногоор муудаж байгааг нотлох эмнэлгийн албан ёсны бичиг баримтуудыг бүрдүүлж өгөөд, дахин дахин виз хүссэн боловч Элчин сайдын яам "Зорилго тодорхойгүй" гэх ганцхан өгүүлбэрээр татгалзсаар байв.
Үхэл амьдралын зааг дээр байгаа төрүүлсэн эцэг дээрээ очих гэсэн ганц хүүгийн зорилго юундаа тодорхойгүй байдаг юм бэ. Тэнд очиж хар ажил хийх гэж байна гэж хардсан уу, эсвэл эцгийнхээ хүнд өвчнөөр бизнес хийх хүн гэж байх уу. Солонгосын консулуудын энэхүү робот шиг цэвдэг, хүн чанаргүй хандлагын балгаар хүү нь эцгийнхээ амьд дүрийг харж амжаагүй, хөрж амжаагүй цогцос дээр нь л очихоор боллоо. Энэ бол зүгээр нэг виз татгалзал биш, хүний эрхийг нүдэн дээр нь сүйтгэж, уйлж гуйж байхад дүлий мэт томорсон хүн чанаргүй үйлдэл юм.
Тухайн гэр бүл Солонгост хууль бусаар амьдраагүй, улсад нь үүргээ биелүүлээд явж байсан татвар төлөгчид. Гэтэл Солонгосын консулууд тэднийг үүргээ биелүүлсэн иргэн гэж харахын оронд сохор хардлагаар хандаж байна. Монголчууд жил бүр визний хураамж, зуучлах төвүүдийн төлбөрт тэрбум тэрбумаар нь мөнгөө тушаадаг. Гэвч Элчин сайдын яам мөнгийг нь авчихаад ямар ч тайлбаргүйгээр визийг нь татгалзаж, хураамжийг нь буцааж өгөлгүй халаасалдаг. Энэ бол зүгээр л Монголчуудын халаасыг хоосолж, сэтгэл зүйгээр нь тоглож буй доромжлол гэлтэй.
Өнөөдөр Солонгосын иргэд Монголд ямар ч визгүй, дуртай цагтаа ирж чөлөөтэй зорчиж байна. Гэтэл манай иргэд өөрсдийнх нь улсад хөлсөө юүлж, хуулийг нь дагаад байхад үхэл хагацал тохиосон нэн яаралтай үед ч хүүг нь эцэгтэй нь уулзуулж чадахгүй хавчиж байна. Энэ чинь дипломат харилцааны тэгш эрх үү, эсвэл нэг талыг барьсан доромжлол уу. Монгол Улсын Гадаад харилцааны яам Өөрийн орны иргэдийг харийн улсын элчингийн үүдэнд ингэж гуйлгачин шиг доромжлуулаад, хүний эрх нь нүдэн дээр нь сүйрч байхад яагаад албан ёсны шаардлага хүргүүлж, иргэдээ хамгаалахгүй байгаа юм бэ.
Бид хэзээ визний гуйлгачин байхаа болих вэ. Манай төр засаг, Гадаад харилцааны яам харийн элчингийн өмнө бөхөлзөхөө болиж, дипломат харилцааны тэгш эрхийг шаарддаг болсон цагт л бид гуйлгачин байхаа болино. БНСУ-ын Элчин сайдын яам иргэдийг мал шиг цувуулж, мөнгийг нь хураачихаад "Зорилго тодорхойгүй" гэж ам тагладгаа болиж, хүмүүнлэгийн асуудалд хүн чанартай ханддаг болоосой. Энэ удаагийн эмгэнэл бол зөвхөн нэг гэр бүлийн нулимс биш.
