МОНГОЛ ЭМЭГТЭЙ КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАВ
Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн докторант Шагдарын Туяа докторын зэргээ амжилттай хамгаалжээ. Кэмбрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн нь улстөрч Санжаасүрэнгийн Оюун юм. Тэрбээр 1996 онд тус сургуулийн Байгалийн ухааны тэнхимд геологийн шинжлэх ухааны доктор болсон билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын зургаан иргэн Кэмбрижийн докторын зэргийг хамгаалсны гурав нь антропологийн салбарынх бол тэдний отгон нь Ш.Туяа болж байна. Ш.Туяа Улаанбаатар хотод төрсөн, МУИС-ийг англи хэлний бакалавр, АНУ-ын Висконсин-Милуоки их сургуулийг харьцуулсан уран зохиолын магистр зэрэгтэйгээр дүүргээд МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн багшаар ажиллаж байв. Тэрбээр Монгол улсын малчдын дундах нийгэм-соёлын зааг, Социализмын дараах үеийн улс төрийн удирдлагын сэдвээр судалгаа хийдэг байна.