МАН: АН-ЫНХАН ЗАРИМ ТОЙРОГТ МӨНГӨ ТАРААЖ БАЙГААГ БАРИМТААР НОТОЛСОН
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ид дундаа өрнөж байна. Тэгвэл МАН-аас АН-ыг мөнгө тарааж, хууль бус үйлдлийг гаргаж байна хэмээн мэдэгдлээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Зарим тойргуудад АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртэй холбоогүй худал амлалтыг гар утсаар, мессежээр сонгогчдыг төөрөгдүүлэх зорилгоор хийж байгаа баримт батлагдаад байна.
Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумд оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худлаа амлаж, саналыг нь авах зорилготой үйлдэл гарлаа. Мөнгө тараалт бол бүх тойрогт АН-ын зүгээс хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн АН-ын хорооныхон иргэний хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж мөнгө тарааж байгаа үйлдэл баригдаж, баталгаажлаа. Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас 150 мянган төгрөг тарааж байгаа үйлдэл нотлогдлоо. АН-аас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж буй н.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж 27-ны өдөр буюу өчигдөр зах, худалдааны төвд иргэд сонгогчдын гарт нь бариулах, хүчээр тараах дүр зураг гарч байна. Үүнийг бид бичлэгээр баталгаажуулж холбогдох байгууллагуудад өгөөд байна.
Зургадугаар сарын 26-ны орой Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлын гэрт ээж, аавдаа өгөөрэй, АН-ыг дэмжээрэй гэж дугтуйтай 300 мянган төгрөгийг айлуудад тараасан хууль бус зөрчил илэрлээ.
Мөн иргэдийг дарамт шахалтад оруулж байгаа байдал ажиглагдаж байна. Гар утас руу нь мессеж бичих, та хэдийг саналаа өгч байхад ажиглаж байгаа шүү, харж байгаа шүү, хянаж байгаа шүү гэж дарамталж иргэдийн сонголтод нөлөөлж байгаа хууль бус үйлдлийг АН-аас удаа дараа гарч байна.
Түүнчлэн, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч байгаа нэрийдлээр АН-ыг дэмжээрэй, дугуйлаарай гэж нөлөөлж байна. АН-ын ажиглагч нар сонгогч санал өгч байхад иймэрхүү үйлдлүүдээ зогсоохыг албан ёсоор шаардаж байна.
Хүн зөөх үйлдлүүд маш их гарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймаг, Баянхонгор аймаг, Өмнөговь аймагт дугааргүй машинтай сонгогчдыг зөөж, бүлэглэж, багцалж саналыг нь өгүүлж байна. Иймээс МАН-ын зүгээс энэ зөрчлүүдэд холбогдох байгууллагуудад хандаж ажиллаж байна.
Эцэст нь хэлэхэд, төрөө дээдэлж, ард иргэдээ хүндэлж, Монгол төрийн сонгуульдаа ил тод, шударга, оролцохыг бусад улс төрийн намуудад уриалж байна. Иргэд та бүхний сонголт мэргэн байх болтугай гэв.