ГУРИЛЫН ҮНЭ ХОНКОНГД ХАМГИЙН ӨНДӨР, ОХУ-Д ХАМГИЙН ХЯМД БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өчигдөр сэтгүүлчийн "Гурилын үнэ яагаад өндөр байна вэ" гэдэг асуултад "Монголд Оросоос өндөр үнэтэй байдаг. Орос бусад орноос хамгийн өндөр байна" гэх будилуу хариу хэлсэн. Үүнийг засаж хэлсэн ч бичлэгийн богинохон алдаатай хэсэг тасдагдаж, иргэдэд дэлхийн хамгийн өндөр үнэтэй гурил Монголд зарагддаг мэтээр ойлгогдов.
Тэгвэл дэлхийн 81 улсын үнийн мэдээллийг багцалдаг сайтад мэдээлснээр улс орнуудад гурилын дундаж үнэ 1.46 ам.доллар буюу 4964 төгрөг байна. Үүнээс хамгийн өндөр үнэтэй нь импорт давамгайлсан Хонконг хотод 4.03 ам.доллар байна. Энэ нь төгрөгт шилжүүлбэл 13 мянга 702 төгрөг юм. Харин гурилыг хамгийн хямдаар ОХУ болон Унгар улсад борлуулж байна.
ОХУ болон Унгарт гурилын үнэ 55 цент байна. Энэ нь 1870 төгрөг юм. Харин манай Монгол Улсын хувьд Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд мэдээлсэн дүнгээр 2668 төгрөг байгаа юм. Энэ нь 0.8 цент юм. Хэдийгээр энэ дүн одоогоос дөрвөн сарын өмнө хоёр дахин бага үнэтэй байсан ч дээрх тоон мэдээлэлтэй жишиж үзвэл манай улс гурилыг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг улс орнуудтай үнэ зэрэгцэж байгаа юм.