СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ МКВ-ЫН ҮНИЙГ ИРЭХ САРД ХЭЛЭЛЦЭНЭ

GNNGNN
Aug 10, 2026  
 0
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ МКВ-ЫН ҮНИЙГ ИРЭХ САРД ХЭЛЭЛЦЭНЭ


Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар "Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдааны үеэр Сэлбэ дэд хотын орон сууцны нэг метр квадратыг хэдэн төгрөгөөр борлуулах асуудал яригдлаа. Өнгөрсөн сарын 28-нд Ерөнхий сайд Н.Учрал тус төслийн талбайтай танилцах үеэр таван сая төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй тул 1 мкв-ын үнийг бууруулах чиглэл өгсөн.

Энэ хүрээнд үнийг хэрхэн тогтоох талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат "Сэлбэ гэдэг жижиг хотыг бид бий болгож байна. Хот гэдэг ганц орон сууц бус эдийн засгийн холбогдох дэд бүтцээ хэрэгжүүлэх ёстой. 

Эхний ээлжийн том загварыг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэхээр оруулж ирж байна. 

Нэг мкв-ын үнийг тогтоогоогүй байна. Зах зээлийн зарчмаас бага борлуулах боломжгүй. Худалдан авалтын судалгаагаа хийж байгаа. Метр квадратын үнийг аравдугаар сар хавьцаа иргэдийн хуралд оруулж ирнэ. 

30 хувь төлөөд 70 хувь дээр нь ипотекийн зээл авах асуудал хүндрэлтэй гэж байна. Одоогоор 100 хувь бэлэн төлөлтөөр борлуулах хүндрэлтэй байгаа учраас судалгаа явуулж байна. Хамтын эзэмшлийн гээд 15 хувийг худалдан авагч өөрөө төлөөд, 15 хувийг НОСК дээр сан үүсгээд хамтын эзэмшлийн зарчмаар үлдсэн 70 хувь дээрээ зээл аваад явна" гэв.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд 113 блок бүхий 8575 айлын орон сууц, 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1,520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулахаар болоод байгаа.

2027 онд орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын 1.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлж байна.