О.ЦОГТГЭРЭЛ УИХ ДАХЬ БҮЛГИЙН ДАРГАА ӨГӨЛГҮЙ “ЗУГТЖЭЭ”
АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хамтад нь хашиж ирсэн.
Харин сүүлийн үед АН-ын бүлгийн зарим гишүүн түүнийг УИХ дахь бүлгийн даргаа өгөхийг шаардах болсон. Тиймээс О.Цогтгэрэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур намынхаа Улс төрийн зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Тэрээр энэ талаар “...АН-ын дарга, Бүлгийн дарга хоёр тусдаа байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингээд АН-ынхан УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг энэ сарын 4-нд хэлэлцэхээр хуралдсан ч шийдвэр гаргаж чадалгүй тарсан юм. Тэр талаар АН-ын дарга О.Цогтгэрэл “...Бүлгийн даргын томилгоог хойшлуулъя, тэр болтол та ажлаа хийж бай гэсэн санал гишүүдээс гарсан” гэж тайлбарласан. Гэхдээ тус намын эх сурвалжууд “...АН-ын генсекийн сонгуулийн дараа уг асуудлыг шийдэхээр тохирсон” гэсэн. Тэд, өнгөрсөн долоо хоногт генсекээ сонгоод авсан. Тиймээс, АН-ынхан УИХ дахь бүлгийн даргаа өнөөдөр шинээр сонгохоор төлөвлөжээ. Гэтэл О.Цогтгэрэл амралтын өдрүүдээр гадагшаа нисчихжээ. Үүнд АН-ынхан “...О.Цогтгэрэл бүлгийн даргаа өгөлгүй зугтчихлаа” гээд нэлээд бухимдалтай байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)
