ХУУЛЬ БУСААР ЗЭЭЛ ОЛГОСОН САЙДУУДЫН ШИЙДВЭРҮҮДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО ГЭВ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр /2024.10.18/ Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Байнгын хорооноос “Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, Б.Найдалаа, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, О.Сарнай нар ажлын хэсэгт ажиллана. Боловсролын сангийн хэрэгжилтийг ил тод, нээлттэй шударга явуулах, хууль бус зөрчлүүдийг арилгахад голлож анхаарах талаар ажлын хэсгийн гишүүд онцоллоо.
Боловсролын зээлийн санд 2024 оны есдүгээр сарын байдлаар өнөөдрийн ханшаар тооцоход 364 тэрбум төгрөгийн гадаад зээл олгогдсоноос 87.6 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, 8.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. 2008 оноос хойш 6 сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн хууль бус тушаалууд гарсан байна. Эдгээр шийдвэр нь хууль бус бөгөөд хүчингүй болгох тухай АТГ-ын дүгнэлт гарсан. Үе үеийн сайд нарын энэхүү хууль бус тушаал, шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүй болгох талд Ажлын хэсэг голлож ажиллахаа мэдэгдлээ.