ИМПОРТЫН ЭЛЕКТРОН ТАМХИНЫ 86.5 ХУВИЙГ БАЗАЖ, ₮200 ГАРУЙ ТЭРБУМЫГ ЭРГЭЛДҮҮЛДЭГ 5 КОМПАНИ
О.Номинчимэг нарын өргөн барьсан "Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл өргөн баригдаад 13 сар болж байгаа ч олон бэрхшээл, эсэргүүцэлтэй нүүр тулсаар ирэв.
Өнгөрөгч долоо хоногт хууль санаачлагч гишүүн О.Номинчимэг "Төрийн ордноор тамхины компаниуд гишүүдийн өрөө өрөөгөөр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж би харж байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Үнэхээр хүчин мөхөстөж байна. Ирээдүй хойч үедээ санаа зовдог хүмүүс маань тамхины асуудлыг ойлгож байгаа байх. Гэтэл хэсэг бүлэг тамхины бүлэглэл, бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан нөлөөллийн сүлжээ үүсгэсэн нь ил болж байна" хэмээсэн юм.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэв батлагдвал электрон тамхины хязгааргүй хэрэглээ, сургуулийн орчинд хүртэл нэвчсэн байдалд хяналт тавих эрх зүй төгөлдөржинө.
Өнгөрсөн оны байдлаар 20 компани 225.4 тэрбумын 5 сая ширхэг электрон тамхийг Монголд импортолжээ. Тэдний тав нь электрон тамхи импортлох эрхтэй. Нэрлэвэл, “Электрон гаджет”, “Эм Эн иновэйшн глобал смарт технологи”, “Рич эксим лайн”, “Мета моти”, “Алтангадас трейд”. Тус бүрийн opendata мэдээллийн сан дахь мэдээлэл болон өнгөрсөн 2025 онд импортолсон электрон тамхины хэмжээ, зах зээлд эргэлдүүлсэн мөнгө хөрөнгийн мэдээллийг нэгтгэн хүргэе.
Нэг. 2025 оны байдлаар хамгийн их буюу 2.6 сая электрон тамхи импортолсон “Электрон гаджет”

Б.Бат-Өлзий, Э.Энхбаяр нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй. 2021 онд үүсгэн байгуулагдсан, Электрон болон ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жижиглэнгийн худалдаа, Электрон болон гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй.
2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 52 хувийг буюу 2,604,612 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮130 тэрбум болж байна.
Хоёр. Өнгөрөгч онд 955 мянган электрон тамхи импортолсон "Эм Эн иновэйшин глобал смарт технологи"

Б.Жавзандулам хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Zhang Chongkui гэх хүн ажилладаг байна. 2023 онд үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа, Ундаа, усны худалдаа.
2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 19.1 хувийг буюу 955.058 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮47.7 тэрбум болж байна.
Гурав. 2025 онд 418 мянган электрон тамхи импортолсон “Рич эксим лайн”

Т.Баасан, А.Отгонхүү нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь Т.Баасан бүртгэлтэй. Тус компани 2023 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Орчуулгын үйлчилгээ, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх, Програм хангамжийн үйлчилгээ, Амралтын газар.
2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 8.4 хувийг буюу 418.940 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮20 тэрбум болж байна.
Дөрөв. Өнгөрсөн 2025 онд 181 мянган электрон тамхи импортолсон “Мета моти”

З.Мөнхсайхан, Нью Жен Течс, О.Батнаран, М.Энхсайхан нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь М.Энхсайхан бүртгэлтэй. Тус компани 2022 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Хүнсний бөөний худалдаа.
2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 3.6 хувийг буюу 181.898 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮9 тэрбум болж байна.
Тав. Өнгөрөгч онд 168 мянган электрон тамхи импортолсон “Алтангадас трейд”

Х.Батчулуун хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй. Тус компани 2006 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Хүнсний дэлгүүр, Талх, нарийн боовны үйлдвэрлэл, Махан бүтээгдэхүүн, банш, буузны үйлдвэрлэл, Хэрчсэн гурил үйлдвэрлэл, Үсчин, гоо сайхны үйлчилгээ, Хүнсний бөөний худалдаа, Ресторан/1-р зэрэглэл/, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх.
2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 3.4 хувийг буюу 160.000 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮8 тэрбум болж байна.
