Б.ДЭЛГЭРСАЙХАН: ХАНГИ-МАНДАЛ, ГАШУУНСУХАЙТ, ШИВЭЭХҮРЭН ЗЭРЭГ БООМТУУДЫГ ТОСГОН БОЛГОНО
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар мэдээлж байна. Энэ үеэр Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
"ЗГХЭГ, Сангийн яам, ЭЗХЯ, БОАЖЯ, ХЗДХЯ, Нийслэл хотоос нэгдсэн ажлын хэсэг гарч, "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар орууллаа. Энэ хуулийн хүрээнд Улсын зэрэглэлтэй хот дөрвийг мөн 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Тиймээс уг хуулинд энэ талаар шинэ өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдыг хот болгон хөгжүүлнэ.
Түүнээс гадна төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүднээс хилийн боомтуудад тосгон байгуулна. Тодруулбал, Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомт төвлөрсөн газруудыг тосгон болгохоор хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Маргааш УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.