БАЯН-ӨЛГИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ: ЖОЛОО БАРЬЖ ЯВСАН 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД НАС БАРЛАА

Баян-Өлгий аймагт гурван хүүхэд амь насаа алдсан гэх хэрэг /2025-06-01/-нд гарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахынхаа эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна" хэмээсэн.
Улмаар өнөөдөр буюу /2025-06-02/-нд ЦЕГ-аас цаг үеийн мэдээлэл өгсөн. Ингэхдээ "Тухайн хэрэгт холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа гэх мэдээллийг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлээд байна" гэв.
Бид үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас зам тээврийн ослоор гэмтсэн дөрвөн хүүхдийн биеийн байдлыг тодруулахад "Автозамын осол гаргасан 17 настай эрэгтэй хүүхэд дөнгөж сая амиа алдчихлаа. Үлдсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ, эмчилгээг үзүүлж байна" хэмээсэн юм.