АВСТРАЛИЙН НЭГ ТОСГОНЫ ИРГЭД ӨӨРСДИЙГ НЬ АЙЛГАДАГ БАЙСАН МАТРААС “МАХЫГ НЬ ИДЭЖ” ӨШӨӨГӨӨ АВЧЭЭ
Австралийн алс хязгаар Умард Газар нутаг (Northern Territory) мужийн нэг тосгоны иргэд өөрсдийг нь айлгаж байсан 3.6 метр урт биетэй нэг төрөл зүйлийн матраас өвөрмөц аргаар өшөөгөө авцгаажээ.
Булла тосгоны ойролцоох усанд амьдрах болсон энэ аварга амьтан хэд хэдэн нохой барьж, хүүхдүүд болон насанд хүрэгчдийг хөөж айлгасан тохиолдол олон удаа гарч байсан байна.
Нутгийн иргэдийн амь насанд эрсдэл учруулсан шалтгаанаар Лхагва гарагт орон нутгийн цагдаагийн газар уг матрыг буудаж алжээ.
Буудуулсан матрын махаар тосгоны иргэд уламжлалт аргаар хоол бэлдэж, найрласныг цагдаагийн төлөөлөгч хэвлэлд ярьсан байна.
“Матрын сүүлээр шөл хийж, бусад хэсгийг нь гал дээр шарж, навчинд ороон газарт булах зэрэг аргаар хоол бэлтгэлээ. Энэхүү уламжлалт найрт оролцсон хүмүүс бүгд цадсан гэдэгт итгэлтэй байна” гэж орон нутгийн цагдаагийн түрүүч Эндрью Макбрайд ABC сувагт ярьжээ.
Хулгайн ангийн улмаас устахдаа тулаад байсан цэнгэг болон давстай усны хоёр төрөл зүйл матар Австралийн холбооны хуулиар 1971 оноос хойш дархлагдаж, агнахыг хориглосон байдаг.
Тэр үеэс хойш матрын тоо толгой эрс өсөж, зөвхөн Умард Газар нутагт 100,000 хүрсэн байна.
Хөрш Күинслэнд, Баруун Австрали мужуудад бас олон мянган матар тоологджээ.
Умард Газар нутгийн аль ч нуур голд аварга биет матар амьдардаг. Давстай усны матар 6 метр хүртэл өсөж, нэг тонн хүртэл жин татдаг тухай орон нутгийн байгаль судлаач ярьжээ.
Ийм матар ямар ч амьтныг барьж идэх чадвартай юм байна.
Тиймээс Австралийн хойд хязгаарын байгаль хамгаалагчид жил бүр хэдэн зуун матрыг хүн амын суурьшлын бүсээс холдуулж, нүүлгэн шилжүүлдэг ажээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Күинслэнд мужид завь нь эвдрээд эрэг рүү сэлж байсан 16 настай хүү матарт бариулсан юм.
Өнгөрсөн онд бас Күинслэнд мужид 64 настай загасчны цогцос матрын гэдэснээс олдож байжээ.
Эх сурвалж: CNN