"МАХНЫ ҮНЭ"-ЭЭР ХАЛХАВЧИЛСАН ХОТЫН ДАРГЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

GNNGNN
May 21, 2026  
 0
"МАХНЫ ҮНЭ"-ЭЭР ХАЛХАВЧИЛСАН ХОТЫН ДАРГЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

          Улаанбаатар хотын 35 дахь дарга Х.Нямбаатарыг 2026 оны 5 дугаар сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал гэнэт чөлөөлсөн шийдвэр нь зөвхөн нэг албан тушаалтны хувь заяа бус, нийслэлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг бүрхэгдүүллээ. Түүнийг чөлөөлөх болсон албан ёсны шалтгаан нь "махны үнэ" байсан ч, хөшигний цаана өрнөж буй үйл явц бодит тоон баримтууд нь “Мега хулгай” нүүрлэж буйг харуулж байна. 

"МАХНЫ ХЭРЭГ" БУЮУ АРД ИРГЭДИЙНХЭЭ ТОГООГ ХООСЛОХ ШИЙДВЭР 

Ерөнхий сайд "Хүчит шонхор" захад ажиллах үеэрээ үхрийн мах 40,000 төгрөг давсанд бухимдаж, хотын даргыг "Ажлаа хийж чадахгүй байна" гэж дүгнэсэн. Гэтэл нөөцийн махны ард үнийн өсөлтөөс гадна шил шилээ дарсан асуудал үүссэн. 

  • Ерөнхий сайдыг бухимдуулсан "Алга болсон" 2500 тонн:  Нийслэлээс энэ жил 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн гэж мэдээлсэн. Гэвч яг тал хувь буюу 2500 тонн нь зах зээлд нийлүүлэгдээгүй, "алга болсон" байна. Манай улс өмнөх жил 8000 тонн мах бэлтгэж байсан бол энэ жил нөөц эрс багассан нь хомсдол үүсэх суурь болсон гэв.
  • ЗГЭХГ-ын дарга Б.Энхбаярын дэлгэсэн “Зохиомол хомсдол”: Шалгалтаар нөөцийн мах бэлтгэсэн компаниудад Нийслэлийн Ерөнхий менежерээс "Махаа худалдаанд гаргахгүй байж бай" гэсэн чиглэл өгсөн гэх ноцтой мэдээлэл илэрсэн.
  • Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Ашиг сонирхлын зөрчил: Нөөцийн мах бэлтгэх тендерт шалгарсан 9 компанийн 2 нь нэг эзэнтэй байсан нь тендерийн хууль зөрчсөн байж болзошгүй баримт.

 "БОРДЮР" СОЛИХ НЬ ХӨГЖИЛ БАЙВ УУ? 

Хотын дарга асан Х.Нямбаатарын засаглалын үед хийгдсэн ажлууд "Мега гэх нэртэй өндөр өртөгтэй бүтээн байгуулалт" мэт харагдавч, иргэдийн амьдралд наалдац муутай байсныг хэлэх хүн цөөнгүй байна. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлын үр дүнг харвал

  • Нөгөө л нэг  Метроны "Үлгэр": Метро байгуулах ажлыг 2026 онд эхлүүлнэ гэж амласан ч одоогоор зөвхөн зөвлөх үйлчилгээ, цаасан дээрх төлөвлөгөө, тендерийн маргаан л өрнөж байна. Бодит бүтээн байгуулалт эхлээгүй байхад "Метро барьж байна" гэх сүржин пиар хийгээд сураг алдарсан.
  • Бордюр vs Ард түмний амьдрал: Ерөнхий сайд Н.Учрал "Ард түмний амьдрал хэцүү байхад зүгээр байсан бордюр сольж байна" хэмээн шууд шүүмжилсэн. Эдийн засаг хямарсан энэ үед төсвийн мөнгийг явган замын хашлага солиход ихээр зарцуулсан нь нийслэлийн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн.
  • Бүтээн байгуулалт нэртэй Сэлбэ голын сүйрэл: Сэлбэ голын ай сав газрыг тохижуулах нэрээр байгалийн унаган төрхийг эвдэж, "сэглэсэн"  гэж иргэд шүүмжилсээр байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх биш, харин бетонон ширэнгэ болгох эрсдэл дагуулсан ажил болов.

          Х.Нямбаатарыг чөлөөлсөн нь зөвхөн ажлын хариуцлага гэхээсээ илүү нам доторх бүлэглэлүүдийн зөрчил байх магадлалтай харагдаж байна. Тэрээр "Би уушгиныхаа гурван судсыг тасартал тэмцэнэ" хэмээн мэдэгдэж, энэ шийдвэрийг улс төрийн захиалга гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Шинэ дарга томилогдоход өмнөх даргын эхлүүлсэн "Улаанбаатар метро", "Туулын хурдны зам" зэрэг томоохон төслүүд зогсох, тендерүүд дахин зарлагдах замаар хугацаа алдах уламжлалт "Монгол эмгэнэл" давтагдахгүй гэх баталгаа байхгүй.  Махны үнээр шалтаглан хотын даргыг сольсон ч, энэ нь үнэ буурах шалтгаан болохгүй. Засаглалын энэ тогтворгүй байдал нь эхлүүлсэн цөөн хэдэн бүтээн байгуулалтыг царцааж, хотын хөгжлийг дахин хэдэн жилээр хойш татах вий гэсэн хардлага иргэдэд байна. Шинэ даргаар хэн томилогдох, тэр нь Нямбаатарын эхлүүлсэн ажлыг хэрхэн үргэлжлүүлэх эсэх нь нийслэлчүүдийн хувьд хамгийн чухал асуулт хэвээр үлдлээ.