ОХИН: ЧОНО МИНИЙ ЗҮҮН МӨРНӨӨС ХАЗАХ ГЭЖ ОРОЛДОХООР НЬ БАРУУН ГАРААРАА ХЭД ХЭД ЦОХИОД, ААВЫГАА ДУУДАЖ ЧАДСАН
Цахим орчинд Увс аймагт 13 настай охин хонио усалж байх үед нь чоно дайрч, охин эсэн мэнд гарсан талаарх мэдээлэл гарсан. Одоогоор охины биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар тус охин болон эмчлэгч эмчээс УВС HD телевиз дараах тодруулга мэдээллийг авч хүргэжээ. Тодруулбал,
Н.Удвал охин: "Би аавтайгаа хамт хонио усалж байсан юм. Гэтэл мал гэнэт үргэхээр нь хойш хартал юу ч байгаагүй. Тэгтэл гэв гэнэт чоно гараад ирсэн. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад, зүүн талын мөрнөөс хазах гэж оролдохоор нь баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Тэгээд дахин, дахин цохиж байгаад зугтаад аавыгаа дуудтал аав чулуу шидсэн чинь аав руу дайрсан. Тэгээд аав хөөсөн чинь уул руу гүйчихсэн" гэв.
Охинд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бөгөөд одоогоор шаардлагатай вакцинуудыг хийж байгаа аж. Мөн чононд хазуулсан баруун гарт нь 3 оёдол тавьсан байна.
Мөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эрхлэгч эмч Б.Батсүх: “Тэрбээр,
"Хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Авхаалж самбаа гаргаж өөрийнхөө амь насыг хамгаалж чадсан байна. Тухайн үед амь насанд эрсдэлтэй бүх хэсгүүдэд шарх сорви үүссэн байсан. Галзуугийн эсрэг вакцин хийсэн" гэлээ.