МОНГОЛД АНХ УДАА ХҮНД ДААЦЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНААР ХОЛЫН ЗАЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖЭЭ

GNNGNN
Aug 11, 2026  
 0
МОНГОЛД АНХ УДАА ХҮНД ДААЦЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНААР ХОЛЫН ЗАЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга болон Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт хувийн хэвшлийн тал бодит ахиц гаргасан байна.

   Тодруулбал, “Монложистикс Групп” болон “Ньюком” ХХК хамтран энэ сарын долооноос есний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1,400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршжээ.

   Шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулна.

   Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн багагүй хувийг эзэлж, эцсийн хэрэглэгчийн худалдан авах үнэд шууд нөлөөлдөг. Дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт болон үнэ тогтворгүй байгаа энэ үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах хамгийн бодит шийдэл болж байгаа юм.

   “Ногоон өртөө” ба үндэсний цахилгаан корридор

   Засгийн газраас ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хотыг 21 аймагтай холбосон цахилгаан автомашины үндэсний сүлжээ корридор бүрэх юм.

Дэд бүтэц бий болсноор дараах эерэг үр дүнгүүд гарна:

  • 2030 он гэхэд: 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэнэ.
  • Байгаль орчинд: Эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн  ялгарлыг бууруулна.
  • Эдийн засагт: Шатахууны импортын зардлыг жилд орчим 200 сая ам.доллараар хэмнэнэ.
  • Бизнест: Иргэд болон ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулах шинэ боломж нээгдэнэ.

Засгийн газрын бодлого: Төр бүхнийг өөрөө хийх бус, хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдлийг дэмжин, шаардлагатай дэд бүтцийг нь бүрдүүлэх чиглэл баримталж байна.

   Ногоон шилжилт нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Энэ нь импортын хамаарлыг бууруулж, тээврийн өртгийг хэмнэх замаар Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх стратегийн чухал бодлого юм.Тус туршилтыг амжилттай хэрэгжүүлж, ногоон шилжилтийг бодит ажил болгосон “Монложистикс Групп”, "Ньюком" ХХК-ийн баг хамт олон, инженер техникийн ажилтнууд болон жолооч нарт талархал ирүүлээд байна.