КИРГИЗИЙН ТЭНГЭРТ ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЖ, МОНГОЛЫН БАГ 17 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бүгд Найрамдах Киргиз Улсад үргэлжилж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.
Тухайлбал, сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг өрсөлдөгчдөө тэргүүлж, алтан медаль хүртжээ. Тус төрөлд Д.Лхагва-Очир, Х.Гочоосүрэн, Б.Мөнхбаяр, Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Бэгзсүрэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөж, ийнхүү Монгол Улсын төрийн дууллыг Киргизийн тэнгэрт эгшиглүүлсэн байна.
Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлжээ.Самбо бөхийн +98 кг-ын жинд ОУХМ, улсын заан Б.Серик, -79 кг-ын жинд ОУХМ Н.Мөнхбаяр нар хүрэл медаль хүртсэн бол морин дээрх барилдааны +100 кг-ын жинд Ш.Харжаубай хүрэл медалийн эзэн болжээ.
Харин Киргиз кураш бөхийн -60 кг-ын жинд самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат, +100 кг-ын жинд жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших нар хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү Монголын баг тамирчид “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д амжилтаа үргэлжлүүлж, 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна.
