ЭХИЙН ГОЛЫН УСАН САН 11 ЖИЛИЙН ДАРАА ЗАСВАРЛАГДАЖ, ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

GNNGNN
Apr 29, 2024  
 0
ЭХИЙН ГОЛЫН УСАН САН 11 ЖИЛИЙН ДАРАА ЗАСВАРЛАГДАЖ, ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Эрдэнэ Монгол компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Эхийн гол”-ын баян бүрдийг сэргээх, жимс ногоо тариалалтыг дэмжих урт хугацааны төсөл хэрэгжиж байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших “Эхийн гол”-ын услалтын системийг 1973 онд анх байгуулсан бөгөөд нутгийн тариаланчид ногоо усалгаандаа тогтмол  ашигласаар иржээ. Гэвч 2013 оноос хойш уг системийн 1-р усан сан усны сэлгэлт байхгүйгээс замагжиж, бохирдол асар ихээр хуримтлагдсанаар сүүлийн 11 жилийн турш ашиглагдаагүй байна. Эхийн голын тариаланчдын санал хүсэлтээр Эрдэнэ Монгол компаниас 1-р усан сангийн гаргалгааны шугам хоолойд хаалт суурилуулж,  завсрын хаалтыг битүүмжилж, усан санг хэвийн ажиллагаанд шилжүүлэх ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор энэ оны 4-р сард амжилттай хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн газар тариалангийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор тус компаниас “Эхийн гол”-ын тариалан эрхлэгчдийг чадавхижуулах ээлжит сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад орон нутгийн 18 тариалан эрхлэгч хамрагдаж тариалан эрхлэхэд тулгардаг асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч харилцан туршлага солилцжээ.  

Сургалтад оролцсон Шинэжинст сумын иргэн С.Чагцал:

“Эхийн голын тариаланчдад үрээ ариутгаж, бордоо, газраа хагалж бэлдэхээс эхлүүлээд их зүйл зааж сургалаа. Тариаланчид нийлээд хоршоо байгуулан ажиллах боломж, ач холбогдлын талаар хүртэл олон зүйлийг мэргэжлийн хүмүүсээс сурч, мэдсэндээ баяртай байна”.