ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН 66 ТАМИРЧИН СПОРТЫН 16 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

GNNGNN
Sep 9, 2024  
 0
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН 66 ТАМИРЧИН СПОРТЫН 16 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Дэлхийн нүүдэлчдийн спортын V наадам Казахстан Улсын нийслэл Астана хотод энэ сарын 8-14-нд болж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 85 орны 2500 гаруй тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд Монгол Улсаас 66 тамирчин бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 16 төрөлд өрсөлдөж буй юм.

Наадмын нээлтийн ёслол өчигдөр болсон бөгөөд Монгол Улсын багийн тугчаар бүстэй барилдааны дэлхийн аварга, улсын заан Д.Анар ажиллав.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг. Тэгвэл энэхүү Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам нь талын нүүдэлчдийн уламжлалт спортоор дамжуулан улс үндэстнүүдийн найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой.

Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар наадам Киргизстан улсад 2014 онд болж байсан бол дараа нь АНЭУ-д 2016онд, Киргизстанд 2018 онд, Турк улсад 2022онд зохион байгуулжээ. Монгол Улсын баг энэхүү наадмаас 2014 онд долоон медаль, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртэж байв. Өнөөдөр Монголын багийн медалийн салхийг хагалж, морьт харвааны төрөлд өрсөлдсөн Н.Алтанхуяг мөнгөн медаль, морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл хүртээд байна.