АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨЛТ ТООЦОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ДЭМЖЛЭЭ

GNNGNN
Nov 9, 2026  
 0
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨЛТ ТООЦОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ДЭМЖЛЭЭ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ. Тогтоолын төсөлд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаатай уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тусгажээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хийлээ. Тэрбээр долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарласан хоногийн тоотой уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор санал боловсруулсныг танилцуулав. Тухайлбал, COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгч Б.Золтуяа тогтоолын төслийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, төлбөрийн хамрагдалт болон тоон мэдээлэлд зөрүү байгааг анхаарч, судалгаа, тооцоог нарийвчлах шаардлагатайг хэллээ.

Төлөөлөгч Б.Дөлгөөн уг зохицуулалт нь иргэдийн эдийн засгийн ачааллыг бууруулах ач холбогдолтойг онцолж, өрхийн орлого буурсан энэ үед авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх нь бодит нөхцөл байдалд нийцэж байгааг тэмдэглэв. Харин төлөөлөгч Ж.Сандагсүрэн танилцуулж буй тооцоо, судалгааны мэдээллийг бүрэн, нарийвчилсан байдлаар боловсруулах шаардлагатайг дурдахын зэрэгцээ замын эвдрэлд нөлөөлдөг хүнд даацын автомашины асуудлыг тооцож үзэх санал гаргалаа.

Ийнхүү төлөөлөгчдийн гаргасан санал, байр суурийг хэлэлцсэний дараа тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжлээ.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдааныг ирэх баасан гараг буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулж, зарим тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.